Намар..

Намар болохоор л гуниглах ихсээд байдаг юм. Зуны сайхан цагт аав ээждээ эрхэлж, бургаст шугуйн усанд өдөржин шумбаж өлсөж орж ирээд ээжийн хийсэн амтат өрөмтэй гамбирыг идэн айраг залгилаж, нар жаргах дургүй мэт уулын оройд дуниартах орой шуугилдан гадаа тоглож, өглөө өвсний шүүдэр туучин гүйж, борооны тогтсон усан дээр дэвхцэн тоглож өссөн бага насандаа хоргоддог юмуу? Намар хааяа амралтаараа ирэхэд хөдөө нэг л гунигтай байдагсан. Тэр хавийн айлууд бүгд намаржаандаа буучихсан, бүгд завгүй хадлан тариаланд шамдаад, ижий аав хоёр минь гэр, мал ахуйн ажил гээд хоёулахнаа бөртөлзөөд, намрын жихүүн өглөө ижий минь үнээнийхээ бөөрөнд наалдчихсан үнээгээ саан суухад гар нь даарч байгаадаа гээд өрөвдөн тугал татаж зогссон арван хоёр наснаас хойш арван арван хоёр намрыг үджээ. Болдогсон бол намар бүхэн та хоёртойгоо байхсан. Аав минь адуундаа эртлэн мордож ижий бид хоёр үнээгээ сааж, намрын чимчигнэсэн айраг шимэн гадаа сууж алсыг ширтээд, ижийдээ гэрэн чинээ аргал түүж өгөх юмсан. Хөнгөхөн хөлтэй морь уначихаад аавтайгаа зэрэгцэн хатируулж явахсан. 

Comments